Дэмбэрэл Саранцэцэг
2024-09-05 10:23:34,   37

Дэмбэрэл Саранцэцэг

 1950 онд Мөрөн хотод төрж, 1970 онд АУД Сургуулийг эх баригч бага эмч мэргэжлээр төгсөж Баянзүрх суманд их эмчийн салбар байгуулагдахад анхны мэргэжлийн эх баригчаар ирж 19 настайдаа аав ээжээ дагуулан ирж ажлынхаа анхны гарааг энэ л хамт олноос эхэлж байлаа. Эх баригчаар ажиллах хугацаандаа 1500 гаруй хүүхдийг хорвоод анх мэндлэхэд нь алгаа тосон авч байлаа. Хөдөөгийн эмч ганц эх баригчаар ажиллахгүй бүх л төрлийн тусламжийг үзүүлдэг байсан энэ хооронд юу эс тохиолдохов. Осол гэмтэл хүндрэлүүд гээд л бэрхшээл зөндөө тулгарнаа. Миний хувьд эхийн төрөх үеийн хүндрэл хамгийн хэцүү тэр агшинд шууд л өөрөө цусаа өгч донор болж олон эхийн амийг аварсан даа......... Гэхдээ л энэ сайхан мэргэжлээрээ бахархах урам зориг эрч хүчийг авч залуу сайхан насандаа хүний алаг үр, хүй холбоотой ээжийн төлөө гэсэн сэтгэл минь улам бадарч эрч хүчээр жигүүрлэн гялалзаж явлаа.

  1970-1980-1990 онуудад төрөлтийн тоо одоогийнхоос их өндөр жилд дунджаар 140-190хүүхэд төрдөг байсан. Энэ үед эмнэлгийн багаж хэрэгсэл дутмаг ямар сайндаа л ганцхан дуслын системээ дахин дахин буцалгаж хэрэглэж байсан шүүдээ, одоо ажиллах нөхцөл багаж хэрэгсэл, гарын авлага, сургалт семинарт хамрагдаад ажил хийхэд урамтай болсон юм шиг санагддаг. Миний үед звхөн эх баригчийн ажлаас гадна хол ойрын дуудлагад явах амбулаторийн үзлэг хийх, эмнэлгийн эм тариа хариуцах, вакцин хариуцах гээд маш олон ажилтай байлаа. 19710-1972 онуудад мориор дуудлагад явдаг иргэд маань яарч сандран морио хөтөлж ирээд аваад явна. Ааштай догшин морь ч таарна, ус голч үертэй үе тохиолдоно. Мөрөнгийн эх, Буриадын гол, Бичигтэгийн булан гээд л өвөл зун ялгаагүй давхиж очоод төрөх эхээ гэрт нь төрүүлдэг хатгаа авсан хүүхдээ гэрт нь хоёр хоног тариа хийж сахих, олгойтой хүүхдийг мориор очиж үзчихээд ирж аймаг руу дуудлага өгөх, жирэмсний хордлого эклямсид орсон эхийг гэрт нь 3 хоног өдөр шөнөгүй эмчилгээ хийж сахих гэх зэргээр эмчилдэг байлаа. Ийм хүнд өвчтнөө халуун хүйтэнд хол ойр мориор аваад явалтай биш өрөө гэр орон амьдрал ахуй умартан ажилладаг байждээ. Энэ мэтээр хүнд нөхцөлд ажиллаж байсан минь одоо эргээд дурсан бодоход бахархах сэтгэл төрдөг ч бас харамсах сэтгэл ч байдаг юм.

1973 онд анх түргэн тусламжийн машинтай бүртгэгч эмчийн 45 хоногийн сургалтад Улаанбаатар хотод сурч онц дүнтэй төгсөөд Аймгийн эрүүл мэндийн газрын дүн бүртгэгчээр нэг жил, сумандаа дүн бүртгэгч эмч, багийн эмч түр хийж, сумын эмнэлэгийн эрхлэгч ч хийж явлаа, хийгээгүй ажил ховор шүү.

Миний хийж бүтээсэн ажил хөдөлмөрийг үнэлэн ‘’ Алтан гадас ‘’  одон

  • 1990 онд ‘’ Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан‘’ цол тэмдэг
  • 6,7- р таван жилийн гавшгайч
  • Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медаль
  • Их Монгол улс байгуулагдасны 800жилийн ойн медал
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт медал
  • Аймгийн ЭМС- ын 90 жилийн ойн медалаар шагнагдсан

    Энэ нутгийн зон олны дунд хүн ардынхаа эрүүл энхийн төлөө залуу сайхан наснаасаа өтөл үе хүртэл 36 жил сэтгэл зүрхээ зориулж 2006 онд гавьяаныхаа амралтад гараад сургуулийн эмчээр ажиллаж байсан. Үе үеийн хамт олонтой өнгөрүүлсэн он жилүүд дурсамжаар дүүрэн он жилүүд байлаа. Хамт ажиллаж байсан найз нөхөд дүү нартаа хорвоогийн сайн сайхан, эрүүл энх урт удаан наслахыг ерөөе.

2024-09-05 10:23:34