Хөвсгөл аймгийн Баянзүрх сум нь 1933 онд анх байгуулагдсан 429,9 мянган га талбайтай, хангайн уулархаг бүсэд орших бөгөөд баруун хойд талаараа ОХУ-ын Тува улстай 69км газраар, зүүн талаараа Улаан-Уул сумтай 54 км, баруун талаараа Цагаан-Уул сумтай 47км газраар хил залган оршино. Аймгийн төв Мөрөн хотоос 127 км, нийслэл Улаанбаатар хотоос 800 км хол алслагдан оршдог. Баянзүрх сум нь манай улсын бусад дэвсгэр нутгийн нэгэн адил эх газрын эрс тэс уур амьсгалтай. Хамгийн өндөрлөг нь Элэгтэгийн нурууны оргил Цагаан Адарын уул далайн түвшингээс дээш 2695метр өндөрт өргөгдсөн, хамгийн намхан өндөрлөг нь Дэлгэрмөрөн голд цутгах Уйхор Донойн голын цутгалангийн орчим далайн түвшингээс дээш 1745 метр өндөрт оршино.
Ойт хээрийн бүсд багтах энэ нутагт хуш, гацуур, шинэ, улиас зэрэг модлог ургамлаас гадна улаан харгана, тэмээн сүүл, тавилган, балган бургас, бавлин, яргай, тэхийн шээг зэрэг нь өргөн тархмал. Мөн олон төрлийн ургамал жимс жимсгэнэ, сонгино, самар, мөөг, мэхээр, гичгэнэ, зэрлэг цагаан төмс, бугын цагаан цэцэг, цагаан уул, бэр цэцэг зэрэг багтана. Тэрчлэн анагаах эмийн ургамал монгол хундгана, их өвс, чөдөр өвс, барагшун, удвал омбо, вансэмбэрүү, ганлигар, хунчир, согоон суман, суман хар, шанам цэцэг, шар мод зэрэг ургамлын арвин нөөцтэй болно.
Энэ нутагт хандгай, буга, цаа буга, хүрэн баавгай, хүдэр, булга, суусар нүүдлийн ба жигүүртэн шувууд загас жараахай болон нэн тархмал үй олон ан амьтад үзэсгэлэнт байгалийн чимэг болон зэрэгцэн оршиж байна.