Лувсанцэрэн Бямбасүрэн
Эдгээж анагаасны тоогоор баярлаж яваагүй
Эндэж алдсаны тоогоор гуньж, гутраагүй
Зовсон цагт нүүр буруулаагүй
Зол жаргалын үйлчин эмч хүн.
Дурсамж
‘’ Энэрэнгүй үйлсийг бүтээгч’’- эмч гэдэг сайхан мэргэжлийг эзэмшсэн минь энэ ертөнцөд хүн болж төрсний минь бахархал юм. Тэртээ 30 гаруй жилийн өмнө аймгийн ‘’ Нийгмийн бодлогын зөвлөл’’ – ийн шийдвэрээр эцэг эхийн төрсөн нутаг Баянзүрх сумандаа ирж эвсэг, хөдөлмөрч хамт олны дунд ажиллаж ‘’Байгалийн тансаг ‘’ нутагтаа ажиллаж, амьдарч байгаадаа баяртай явдаг.
Биднийг төгсөж ирэх үед эдийн засгийн шилжилтийн үе гээд улс орны эдийн засаг хямралтай байсан. Тэр үед сумын төв гэрэл цахилгаан цагийн хязгаартай, гар утас, халуун усгүй, компьютер, интернэт гэдгийг мэдэх ч үгүй, хүн эмнэлэг эм болон шатахууны их өртэй, эм тарианы хангамж хомс, цалин хүрэлцээгүй мөн хэдэн сараар тасалдах нь ч энүүхэнд, илүү цагийн хөлс олгодоггүй хүнд үе байж билээ. Нэг удаагийн тариурыг олон дахин буцалгаж хэрэглэн ‘’хэмнэлт ‘’ хийдэг байсан цаг. Энэ үед зарим сувилагч нар тариураа хэрхэн ариутгахаа сайн мэдэхгүйн улмаас бүх тариурыг хооронд нь хайлтал буцалгаж наалдуулсандаа зэмлэгдэнэ гэж айсандаа ч тэр үү, чухал зүйлийг сүйтгэсэндээ гэмшихдээ ч тэр үү бүгдийг нуучхаад ‘’ тариа хийх тариургүй ээ хө‘’ гээд ажлаа орхиод явчихсан байж билээ. Жижүүр сувилагчийг хойноос нь аргадан, учирлан байж авчирч үүрэгт ажлыг нь хийлгэж байсан дурсамж тодхон санагдаж байна.
Тухайн үед ажиллаж байсан эрхлэгч эмч Б. Энхжаргал ажил мэргэжилдээ тун сайн туршлагатай, нягт нямбай эмч байсны дээр шинэхэн төгсөж ирсэн надад өвчтөнтэй харьцах, өвчний түүх бичих эмчилгээний тактик боловсруулах зэргийг зааж сургасан багш минь байлаа. Мөн 1990-ээд оны сүүлээр хуучнаар ‘’ ЭНЭШ-Төвийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч’’ Анагаах ухааны Доктор Баттогтох эмчтэй хамтран ажиллах завшаан тохиолдож энэ хугацаандаа их зүйлийг үлгэр жишээ болгон суралцаж, онол дадлагыг хослуулан эзэмшсэн минь өнөө хүртэл ач тусаа өгсөөр байдаг юм. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дээрх 2 эмч нарын хүн ардынхаа төлөө гэсэн эмч хүний нинжин сэтгэл, надад зааж сургасан бүхий л зүйлс нь сэтгэл зүрхэнд минь үргэлж дурсагдаж явдаг.
Тэртээх он жилүүдийг нэхэн санахад ‘’ Хөдөөгийн эмч’’- ийн ажлын хүнд хэцүү, бэрх үед айж сандрах, баярлаж гомдох зэрэгцэж л явлаа. Эмчийнхээ тангаргийг өргөөд удаагүй байхад сумын ерөнхий эмч ‘’ Ухаан алдсан жирэмсэн хүний дуудлагад хуваарийнхаа дагуу яваад ир ‘’ гэхэд тухайн үед эмнэлгийн машин дуудлагад явсан байж таарваа. Сумын засаг даргын машиныг гуйтал ашгүй малын тооллогонд яваад дөнгөж ирсэн өвлийн хүйтэнд халааж асаах шаардлагагүй машин олсондоо баярлан түргэн дуудсан айлдаа очиход, жирэмсэн эх татаж байхыг хараад / манас таталтыг анх удаа харж байсан үе/ маш их сандарч, эм тариагаа хийтэл таталт зогсохгүй, эмчилгээг үргэлжлүүлсээр сумын эмнэлэгт хүргэн яаралтай мэс заслын баг дуудан эсэн мэнд амаржуулж байсан явдал бас сургамжтай, санаанаас гардаггүй юмаа.
Одоо сумын эмнэлэг маань зориулалтын барилга байгууламжтай, орчин үеийн техник хэрэгслээр хангагдсан, эвсэг, чадварлаг, багаар ажиллах чадвартай, мэргэжлийн боловсон хүчинтэй, анхан шатны тусламж үйлчилгээ болон НЭМэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлдэг ’’ Эрүүл Мэндийн Төв’’ болон өргөжжээ. Сумын эмчээр ажиллахад ахмад настан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, жирэмслэхээс эхлээд төрөх, төрснөөс хойш нярай хүүхдийн эрүүл мэндийг хянаж эмчилж түгшүүртэй болоод баясгалантай үе олныг туулан өнгөрүүлж одоо ч суралцаж боловсорсоор эмчлүүлэгч болон үйлчлүүлэгчээ өөрийн ах, эгч, дүү шигээ санан тэдний хэрэгцээг мэдрэн ажиллахыг хичээж явдаг аа.
Сумын ЭМТөвийн хамт олон ахмад үе үеийн эмч эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч, ажилтан нартай ажиллан тэднээс суралцан эрүүл энхийн төлөө мэдлэг оюун сэтгэлээ зориулан ажиллаж ирсэндээ баяртай, бахархалтай явдаг даа.
2000-2013 он хүртэл Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвийн даргаар, 2014-2023 он хүртэл аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт эмчээр ажилласан байна.
Энэ хугацаанд: