Ж.НЯМСҮРЭН- НЯГТЛАН БОДОХЫН АМЬД ТҮҮХ
2024-09-24 14:47:33,   35

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уултай, устай, өндөрлөг газар төрж өссөн хүн. 1951 онд Улаанбаатар хотын Санхүү эдийн засгийн техникумд сурахаар хотод орж ирж билээ. 1955 онд сургуулиа онц дүнтэй төгссөн. Тухайн үед багшийн мэргэжилтэй, дээд боловсролтой боловсон хүчин дутмаг байсан учир онц төгссөн гэдэг үзүүлэлтээр надад сургуульдаа багшлах санал тавьсан юм. Удалгүй Сангийн сайд тушаал гаргаж, 1955 оны намраас сургуульдаа нягтлан бодох бүртгэлийн багшаар томилогдон ажилласан. Түүнээс хойш тасралтгүй60 орчим жил сургуульдаа багш, хичээлийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, орлогч захирал зэрэг албан тушаал хашлаа. Боловсролын салбарт 60 жил ажиллаж 2016 онд тэтгэвэртээ гарсан.

Үгүүлсэн нь: 

Манай улс 1920- иод оны дунд үе хүртэл системтэй бүртгэл нэгдсэн тайлан балансгүй гар тэмдэглэл төдий бүртгэлтэй байснаас нягтлан бодогч гэдэг мэргэжлийн нэрийг ч хэрэглэдэггүй байжээ. 1921 оны ардын хувьсгалын дараах үеэс Зөвлөлт Холбоот улсын мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар бүртгэлийн материал- ордерийн системийг нэвтрүүлж, 1960- аад оны дунд үе хүртэл хэрэглэсэн билээ.

Үйлдвэр хөдөө аж ахуй, барилга тээвэр зэрэг аж ахуйн салбарууд шинээр байгуулагдаж улс ардын аж ахуй эрчимтэй хөгжиж байсан 1960- аад оноос бүртгэлийн журнал, ордерийн систем шинээр нэвтэрч эхэлсэн үеэс миний бие санхүү бүртгэлийн ажилтай холбогдсон юм. Санхүү эдийн засгийн дээд сургуульд 50 гаруй жил, Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтыг үүсгэн байгуулалцаж 10 гаруй жил ажиллах хугацаанд нягтлан бодох бүртгэлийн шинэ системийг нэвтрүүлэх, боловсронгуй болгох үйл хэрэгт идэвхтэй ажиллаж ирсэн билээ. Аж ахуйн салбарууд өргөжин хөгжих тутам бүртгэлийн ажил улам нүсэр болж нягтлан бодогчид улирал, жилийн тайлангаа гаргахын тулд анхны баримт, журналуудаа ачиж авчран хотод сууж гаргах нь ердийн үзэгдэл болсон байлаа. Иймд нүсэр, хүнд байдлыг хөнгөвчлөх арга гол арга зам нь бүртгэлийг механикжуулах явдал гэж үзэж санхүү эдийн засгийн техникумд бүртгэл механикжуулах кабинет, сангийн яамны харьяанд бүртгэлийн машинт станц байгуулж салбарын яамд өөрсдийн шугамаар бололцоотой арга хэмжээ авч байсан билээ.

1955 онд Санхүү- Эдийн засгийн техникумыг төгссөнөөс хойш 60 шахам жил нягтлан бодох бүтгэлийн салбартай ажил амьдралаа холбоод энэ салбарынхаа хөгжилд өчүүхэн хувь нэмрээ оруулахыг хичээн зүтгэсээр л байна.

Энэ хугацаанд нягтлан бодох бүртгэлийн үндэс, аж үйлдвэрийн газрын нягтлан бодох бүртгэл, аж ахуйн үйл ажиллагааны шинжилгээ, санхүү зээл зэрэг хичээлийг зааж байлаа. Хичээл заасан шавь нар давхардсан тоогоор 10 шахам мянга болжээ.

Эдийн засгийн коллеж 1997 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль болж зохион байгуулагдсанаас хойш багш, зөвлөх багшаар одоо хүртэл ажиллаж байна. 1976 онд өөрийн хайрлаж хүндэлж явдаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн анхны гавьяат багш, доцент Ч.Түмэнтэй хамтран аж үйлдвэрийн газрын нягтлан бүртгэлийн сурах бичиг, санхүү- эдийн засгийн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш, мэргэшсэн нягтлан бодогч охин Н.Шинэ- Өлзийтэй хамтран нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлийн сурах бичгийг зохиож 2000- 2012 он хүртэл 3 удаа засварлан хэвлүүлэв. Мөн нягтлан бодох бүртгэлийн хуулийн төсөл боловсруулах, мэргэшсэн нягтлан бодогчдын үндэсний нийгэмлэгийг байгуулах, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, аудитын байгууллага бий болгох, Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтыг байгуулах зэрэг ажилд гар бие оролцож нягтлан бодох бүртгэлийн салбараа хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан явна.

2024-09-24 14:47:33